БНСУ-д ХЭРХЭН БАЙР ТҮРЭЭСЛЭХ ВЭ?
Солонгост шинээр ирсэн хүмүүсийн хувьд байр түрээслэх нь хамгийн эхний, бас хамгийн чухал асуудлын нэг байдаг. Түрээсийн үнэ, гэрээний нөхцөл, байрны төрөл зэрэг нь Монголтой харьцуулахад өөр байдаг тул зөв сонголт хийхийн тулд сайтар судлах хэрэгтэй. Тэгвэл хэрхэн найдвартай, өөрийн хэрэгцээ, төсөвт тохирсон байр олох вэ? Та бүхэнд байр хайхдаа анхаарах зүйлсийн талаар хуваалцаж байна.
1. Түрээсийн үндсэн хэлбэрүүд
Солонгост дараах хоёр төрлийн түрээсийн систем түгээмэл байдаг.
전세(Jeonse) – Их хэмжээний барьцаа төлж, сарын түрээс төлөхгүйгээр зөвхөн хэрэглээний зардлаа төлөх систем.
월세(Wolse) – Харьцангуй бага барьцаа өгч, сар бүр тогтмол түрээс болон хэрэглээний зардлаа төлөх систем.
Монгол оюутан, залуучуудын хувьд ихэвчлэн 월세 (Wolse) буюу бага хэмжээний барьцаа өгөөд сар бүр түрээс төлөн амьдрах системийг сонгодог.
2. Орон Сууцны Төрлүүд
아파트(Apartment) – Өндөр үнэтэй, стандарт орон сууц. Тав тухтай, чанартай баригдсан тул үнэ нь бусад төрлийн байруудаас илүү байдаг.
오피스텔(Officetel / Studio Apartment) – Орон сууц, оффисын зориулалт хосолсон жижиг апартмент хэлбэрийн байр. Цэвэрхэн, тохилог орчинтой бөгөөд 원룸(One room)-ээс арай үнэтэй, барьцаа төлбөр өндөртэй.
원룸(One room) – Нэг өрөө байр. Их дээд сургуулиудын ойролцоо байрладаг тул оюутанд хамгийн тохиромжтой, үнийн хувьд хямд сонголт болдог.
빌라(Villa) – 원룸(One room)-ээс том, 2 болон түүнээс дээш өрөөтэй, гэр бүлтэй хүмүүсийн хувьд илүү тохиромжтой сонголт болдог.
고시원(Goshiwon) – Маш жижиг хэмжээтэй, 10м² (10м²=3평-пён) орчим талбайтай өрөө. Үнийн хувьд хямд, барьцаа төлбөр шаарддаггүй тул зөвхөн унтах, хичээл хийх зорилготой хүмүүст зориулагдсан.
3. Орон сууц хайх арга
Солонгост байр хайх хамгийн түгээмэл арга бол үл хөдлөх хөрөнгийн газар (부동산-Budongsan) ашиглах явдал юм. Эдгээр газрууд таны хэрэгцээ, төсөвт нийцсэн байр санал болгодог бөгөөд байрны мэдээлэл, гэрээний нөхцөл зэрэгт мэргэжлийн зөвлөгөө өгдөг давуу талтай. Түүнчлэн, байр хайхад зориулсан гар утасны аппликейшн ашиглах боломжтой. Эдгээр аппликейшнууд нь байрны зураг, үнэ, байршил зэрэг мэдээллийг хялбар харьцуулах боломжийг олгодог тул цаг хэмнэхэд тустай. Аппликейшнаар дамжуулан байр хайхдаа зарын бодит байдал, зуучлалын нөхцөлийг сайтар нягтлах нь чухал байдаг.
Өргөн ашиглагддаг 4 төрлийн байр хайх аппликейшн :
4. Байр хайхад анхаарах зүйлс
Төсөв төлөвлөх – Барьцаа мөнгө болон сарын түрээсийн дээд хэмжээгээ тодорхойлох.
Үл хөдлөх хөрөнгийн агентлагт хандах – Агентлагтай 2 хоногийн өмнө холбогдож, шаардлагатай нөхцөлүүдээ урьдчилан хэлэх.
Байрны нөхцөл шалгах:
- Дэлгүүр болон метро автобусны буудал хэр ойр байгаа эсэх
- Дуу чимээ болон барилгын нөхцөл байдал
- Аюулгүй байдал (Камер, хаалга цоожны систем)
- Угаалгын өрөө, дулааны систем
- Гэрийн эзэн ойр байгаа эсэх
- Гэрээ хийхээс өмнө заавал байрыг өөрийн биеээр очиж үзэх
Зураг авч хадгалах – Дараа нь асуудал гарвал нотлох баримт болно.
Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн хөлсийг зөвхөн нүүж орох өдөр төлөх.
5. Байр түрээслэхэд учирч болзошгүй эрсдэлүүд ба урьдчилан сэргийлэх арга
Барьцааны мөнгийг буцаахаас татгалзах – Түрээсийн хугацаа дуусахад янз бүрийн шалтгаанаар барьцааны мөнгийг өгөхөөс татгалзах тохиолдол гарах боломжтой байдаг тул түрээс, барьцаа, төлбөрийн нөхцөл, засварын хариуцлага зэрэг заалтуудыг сайтар унших.
Барьцааны мөнгөний зөрүүг завших – Зуучлагч өндөр барьцаа авч, эзэнд бага дүнгээр гэрээ байгуулан, зөрүүг нь завших боломжтой тул барьцаа төлбөрийг зөвхөн эзэмшигчийн албан ёсны данс руу шилжүүлж, бүх баримтыг хадгалах.
Хуурамч эзэн гарч ирэх –Байрны эзэн биш хүн гэрээ хийх тохиолдол байдаг. Тиймээс байрны жинхэнэ эзнийг баталгаажуулахын тулд улсын газрын албаны вэбсайтаас мэдээлэл шалгах нь чухал. Мөн гэрээ байгуулахаас өмнө байранд очиж, нөхцөл байдлыг нягтлах хэрэгтэй.
Солонгост байр түрээслэхдээ зөвхөн нэг эх сурвалжид найдах бус, олон эх үүсвэрээс мэдээлэл авч, харьцуулан судлах нь чухал.
Түрээсийн нөхцөл, гэрээний онцлогийг ойлгож, найдвартай зуучлагч болон эх сурвалжуудаас сонголтоо хийх нь эрсдэлээс сэргийлэх шилдэг арга болно.
Зөв судалгаа, нягт нямбай байдал нь өөрт тохирсон, аюулгүй орон сууц олох гол түлхүүр юм. Ингэснээр та шинэ орчиндоо тав тухтай, аюулгүй амьдрах боломжтой!