ХОГ АНГИЛАН ЯЛГАХ, СОЁЛЫН ТУХАЙ

БНСУ нь хог хаягдлыг ангилан ялгах болон дахин боловсруулах тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг юм. Тус улсад хог хаягдлын менежментийн хатуу дүрэм журам үйлчилдэг бөгөөд хогийг зохих ёсоор ангилж хаяагүй тохиолдолд торгууль ногдуулах эрсдэлтэй байдаг. Тиймээс та бүхэндээ хогийг хэрхэн ангилан хаях талаар дараах зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

1.Хог хаягдлыг хэрхэн ангилах вэ?

БНСУ-д хог хаягдлыг дараах үндсэн төрлүүдэд хуваан ангилдаг.

1.1 Энгийн хог хаягдал (일반 쓰레기)

Дахин боловсруулах боломжгүй бүх төрлийн хог хаягдал энэ ангилалд хамаарна. Эдгээрийг зориулалтын уутанд хийж хаях шаардлагатай.

1.2 Хүнсний хог хаягдал (음식물 쓰레기)

Хоолны үлдэгдэл, жимсний хальс зэрэг бордоо болон амьтны тэжээл болдог хаягдал энэ ангилалд багтдаг. Гэхдээ шөлтэй болон шингэн ихтэй хаягдлыг хаяхаас өмнө усгүйжүүлж, зориулалтын хүнсний хогны уутанд хийх шаардлагатай.

Анхаарах зүйлс

Ясны хэлтэрхий, өндөгний хальс, самрын хальс, сонгинын хальс зэрэг нь хүнсний хог хаягдалд орохгүй тул энгийн хог хаягдалд хаяна. Мөн кимчиг хаях бол амталгааг нь бүрэн угааж цэвэрлэх шаардлагатай.

БНСУ-д хог хаягдлын төрөл тус бүрд зориулсан тусгай уут ашигладаг. Эдгээр уутыг гэрийнхээ ойролцоох супермаркетаас худалдан авах боломжтой. Уутны хэмжээ литрээр тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хогийн савныхаа хэмжээнд тохируулан сонгох боломжтой.

1.3 Дахин боловсруулах хог хаягдал (재활용 쓰레기)

Хуванцар сав, хөнгөн цагаан лааз, цаас, шил, хуванцар зэрэг дахин боловсруулах боломжтой хаягдал энэ ангилалд багтана. Хаяхдаа дотор талыг нь цэвэрлэж, гадна талын наалт, скоч зэргийг салган, материалын төрлөөр ангилан хаях шаардлагатай.

1.4 Том оврын хог хаягдал (대형 폐기물)

Тавилга, цахилгаан хэрэгсэл зэрэг том хог хаягдлыг хаяхын өмнө орон нутгийн удирдлагын газраас төлбөртэй наалт авч, бүртгүүлэх ёстой.

Үүнд том оврын хог хаягдлын хэмжээнээс хамааран шимтгэл төлж наалтаа наах ёстой байдаг.

2.Хүргэлтийн хог хаягдлыг хэрхэн зөв ангилан хаях вэ?

Солонгос улс нь хүргэлтийн систем маш өндөр хөгжсөн орнуудын нэг бөгөөд та хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд өөрт шаардлагатай бүх зүйлсийг хүргэлтээр авах боломжтой. Иймд хүргэлтийн хаягдлыг зөв ангилах нь чухал байдаг.

Бүрсэн ухуулах хуудас, хүргэлтийн шошго, наалт, баримт, скоч, алтлаг мөнгөлөг бүрээстэй нийлэг цаас зэргийг энгийн хогны уутанд хаяна.

3.Хүргэлтийн хог хаягдлаас дахин боловсруулах хог хаягдал

3.1 Хайрцаг

Цаасан хайрцаг → Цаасан хог хаягдалд хийнэ.

Хөөсөнцөр хайрцаг → Хуванцар хог хаягдалд хийнэ.

Хайрцаг дээрх наалт, скоч, хүргэлтийн хаягийг салгаж хаях шаардлагатай.

Хувийн мэдээллээ хамгаалахын тулд хүргэлтийн хаягийг урж хаях нь зүйтэй.

3.2 Зөөлөвч материал

Bubble wrap, хийн дэр → Гялгар уутанд хаяна.

Хийн дэрний агаарыг гаргаж тусад нь хаях хэрэгтэй.

Жимс, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зөөлөвчийг сайтар угааж ялган хаях шаардлагатай.

3.3 Ice pack

Доторх шингэнийг угаалтуур, суултуурт хийгүйгээр энгийн хог хаягдалд хаяна.

Усны бохирдол үүсгэхээс сэргийлж, доторх шингэнийг шууд хаяхаас зайлсхийх хэрэгтэй.

4.Санах зүйлс

Дүүрэг бүрд хогны уутны өнгө бага зэрэг өөр байдаг тул тухайн бүс нутагт зөвшөөрөгдсөн уутыг ашиглах шаардлагатай.

Дахин боловсруулах хог хаягдлыг ихэвчлэн тусгай зориулалтын хогийн саванд ангилан байршуулдаг.

Харин хүнсний болон энгийн хог хаягдлыг заавал зориулалтын уутанд хийж хаях ёстой.

Хогийг зөв ангилан хаях нь бидний амьдрах орчныг цэвэр, аюулгүй байлгах чухал алхмуудын нэг юм. Байгаль дэлхийгээ хамгаалж, илүү тогтвортой, цэвэр цэмцгэр нийгмийг бүрдүүлэхийн төлөө хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс амьдарч буй улсынхаа соёлыг хүндэтгэн, зөв дадлыг хэвшүүлж, эерэг өөрчлөлтийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулаарай!

Сургууль

  • KONKUK UNIVERSITY Шилдэг магадлан итгэмжлэг сургууль бөгөөд виз гаралт 100%-тай, батлан ..
  • SUNGSHIN WOMENS UNIVERSITY Шилдэг магадлан итгэмжлэгдсэн, виз гаралт 100%-тай, батлан даагч шаард..
  • CHUNG-ANG UNIVERSITY Сөүл хотод байршилтай, шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургууль...
  • KOREA UNIVERSITY SKY-3-ын нэг, магадлан итгэмжлэгдсэн дэлхийд нэр хүндтэй сургууль. Бат..
  • YONSEI UNIVERSITY БНСУ-ын шилдэг 10 их сургуулиуд тэр дундаа SKY-3-ын нэг. Батлан даагч ..
  • KEIMYUNG UNIVERSITY KEIMYUNG их сургууль нь БНСУ-н Дэгү хотын шилдэг их дээд сургуулиудын ..
  • SEOUL THEOLOGICAL UNIVERSITY Шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургууль...
  • KOOKMIN UNIVERSITY Сөүл хотод байршилтай, магадлан итгэмжлэгдсэн сургууль...
  • SEOUL WOMENS UNIVERSITY Сөүл хотод байршилтай, магадлан итгэмжлэгдсэн сургууль...
  • SUNGKYUNKWAN UNIVERSITY SUNGKYUNKWAN их сургууль нь БНСУ-ын боловсролын чанарын чансаагаар эхн..